ХУУЛЬ,ЭРХ ЗҮЙ,УЛС ТӨР

Хүний эрхийг хамгаалаагүй, төрийн эрх мэдлийг хуваарилаагүй улсад Үндсэн хууль оршдоггүй.

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ ҮНДСЭН ХУУЛИЙН ШҮҮХ БОЛОХ НЬ

2011-11-25 12:55

 

Хууль зүйн ухааны доктор, дэд профессор Э.Батбаяр
 
ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ ҮНДСЭН ХУУЛИЙН ШҮҮХ БОЛОХ НЬ
 
Судлагдсан байдал
Үндсэн хуулийн хяналт, Үндсэн хуулийн шүүхийн талаар 1990 оноос хойш манай эрдэмтэн, судлаачид нэлээд судлаж ирсэн байдаг. Тухайлбал Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн анхны дарга, хууль зүйн ухааны доктор, профессор Г.Совд, доктор, профессор Б.Чимэд, цэцийн дарга доктор Ж.Бямбадорж, цэцийн орлогч дарга, доктор профессор Н.Жанцан, цэцийн гишүүн, доктор, профессор Сарантуяа, доктор, профессор Н.Лүндэндорж нарын бүтээлүүдэд /ном, сурах бичиг, эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэлүүд/ Үндсэн хуулийн хяналт болон Үндсэн хуулийг тайлбарлах, түүнчлэн Үндсэн хуулийн цэцийн эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох талаар тусгагдсан болно.
 
Онолын үндэслэл
            Үндсэн хуулинд хяналт тавих тухай санаа нь төрийн эрх мэдэл хуваарилах онол болон дэлхий дахины анхны үндсэн хуулиудтай шууд холбоотой. XVIII зууны үед Ш.Монтескье, Ж.Локк нарын сэтгэгчид төрийн эрх мэдлийг хуваарилах онолоо боловсруулж түүний үзэл баримтлалын дагуу 1787 онд АНУ болон Франц, Герман зэрэг орнуудын Үндсэн хуулиуд батлагдан гарсан байдаг.
            Монтескьегийн үзлийн дагуу Францын хуульч-эрдэмтэн Б.Констант Үндсэн хуулийн хяналтын онолыг бий болгон хөгжүүлсэн билээ. Тэрээр төрийн эрх мэдлийг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл гэж хуваасан нь ихээхэн ач холбогдолтой боловч тэдгээрт хөндлөнгийн хяналт зайлшгүй тавигдах ёстой гэж үзжээ. Энэ нь үндсэн хуулийн хяналтын тухай асуудлыг анх гаргаж ирсэн явдал байсан юм. Ингэснээр аливаа улсын үндсэн хуулийн хэрэгжилтэнд дээд хяналт тавьж түүний хэрэгжих гол баталгаа болох Үндсэн хуулийн шүүх бий болох үндэс тавигджээ.
         Судалгаа шинжилгээ, Саналууд
         Монгол Улсын хувьд үндсэн хуулийн хяналт анх 1992 оны шинэ Үндсэн хуульд тусгалаа олсон бөгөөд “Монгол улсын Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэнд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн” гэж заасан байдаг[1].
         Үндсэн хуулийн цэцийн үндсэн чиг үүрэг, үйл ажиллагаа нь шүүхийн шинжтэй байдаг. Олон улсын практикт, Үндсэн хуулийн шүүх гэсэн бие даасан шүүх байхаас гадна мөн АНУ зэрэг зарим нэг улс орнуудад Үндсэн хуулийн шүүх нь Дээд шүүхийн бүтэцдээ багтдаг байна. Өөрөөр хэлбэл мэргэшсэн танхимын хэлбэртэй байдаг гэж хэлж болно. Цэцийг шүүх мөн гэж онолын хувьд ч, олон улсын жишгийн хувьд ч ойлгоод тогтсон байдаг[2]шүүхэд заавал байх ёстой наад захын зарим нэг шинжүүд Үндсэн хуулийн цэцэд байдаггүйг хуульчид бид хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тухайлбал:. Гэхдээ цэцийг Үндсэн хуулийн шүүх мөн биш гэсэн маргаанууд үе үе улс төрчдийн дунд гардаг. Овоо босгоогүй бол шаазгай юу гэж суухав гэдэг шиг Үндсэн хуулинд Үндсэн хуулийн цэцийн талаарх тодорхойгүй, хоёрдмол утгатай заалтууд байдаг нь энэ маргааны овоо болдог талтай. Яг үнэндээ
            - Аливаа шүүх нь өөрийн хэрэглэдэг хуулийг тайлбарладаг. Жишээ нь, Дээд шүүх хууль тайлбарлах эрхтэй. Гэтэл Үндсэн хуулийг албан ёсоор тайлбарлах субъект манай улсын хувьд тодорхойгүй байна.
            Үүнтэй холбогдуулж хэлэхэд Үндсэн хууль бол төрийн суурь, эрх зүйн хамгийн дээд хүчин чадалтай /хууль зүйн хийгээд эрх зүйн/ баримт бичиг. Аль ч хуулийг хуулийн бус байгууллага тайлбарлах эрхгүй. Тэр тусмаа улс төрийн байгууллага энэ эрхийг бүр ч эдлэхгүй. Парламент бол улс төрийн сонгуулийн үр дүнд бүрэлддэг улс төрийн байгууллага. Гэтэл Монгол Улсын их хурлаас 1993, 2000 онд хоёр ч удаа Үндсэн хуулийн зүйл заалтыг хийсвэр хэлбэрээр тайлбарласан байдаг[3].
            Үүнийгээ аунтентик тайлбар буюу эрх зүйн актыг батлан гаргасан байгууллага өөрөө тайлбарлах гэсэн ойлголтоор батлахыг оролддог бөгөөд уг асуудалд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн, доктор, профессор Ц.Сарантуяа дараах байдлаар хариулт өгсөн байдаг. Аунтентик тайлбар нь Нэгд, Үндсэн хуульд хамаарахгүй, харин эрх зүйн бусад актанд хамаардаг. Хоёрт, хууль тогтоох явцад түүний үе шатуудад олон өөр байгууллага оролцдог учир аутентик тайлбар хэрэгжихгүй хэмээн эрх зүйн толь бичигт заасан байна[4].
            - Дараагийн нэг маргаантай асуудал бол Үндсэн хуулийн цэцийн гишүүн нь хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй байна гэдэг хоёрдмол утгатай заалттай шууд холбоотой.
            Аливаа шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч албан тушаалтан нь (ялангуяа эх газрын эрх зүйн тогтолцоонд) хуульч мэргэжилтэй байх зайлшгүй шаадлагатай байдаг. Гэтэл дээр дурдсан үндсэн хуулийн заалттай холбогдон улс төрийн өндөр мэргэшилтэй гэсэн шаардлагын хүрээнд ямарч мэргэжилтэй хүн Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдох эрхтэй болно. Тийм болохоор Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр геологич, түүхч  мэргэжилтэй хүмүүс сонгогдон ажиллаж болдог байна.
            Иймд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үйл явц өрнөж байгаа энэ үед дээрх маргаантай зүйлүүдэд нэмэлт өөрчлөлт оруулах замаар Үндсэн хуулийн цэцийг шүүх мөн биш гэдэг утга учиргүй маргааныг таслан зогсоох хэрэгтэй гэж үзэж байна.
            Монгол Улс анхны ардчилсан Үндсэн хуулиндаа үндсэн хуулийн хяналтыг баталгаажуулж шүүх эрх мэдлийн хүрээнд Үндсэн хуулийн цэцийг байгуулсан явдал нь хэзээ ч бууршгүй ач холбогдолтой явдал болсон гэдэгтэй хэн ч маргахгүй. Гэхдээ өнгөрсөн хорин жилийн өндөрлөгөөс эргэн харахад Үндсэн хуулийн цэцийн талаарх эрх зүйн зохицуулалтыг сайжруулах, боловсронгуй болгох зайлшгүй шаардлагууд гарч ирж байна.
            Тухайлбал хүний үндсэн эрхийг хамгаалах, дээд шүүхийн шийдвэрийг хянах, цэцийн гишүүдийн насны хязгаар, цэцийн гишүүнд нэр дэвшигчдэд тавих шалгуур гэх зэрэг олон зүйлүүдийг нэрлэж болно. Дээр дурдсан асуудлуудыг хэрхэн зохицуулах боломжтой талаар дараах саналуудыг дэвшүүлж байна.
            - Монгол Улсын иргэд бид Үндсэн хуулиар баталгаажуулагдсан үндсэн эрхээ[5] Үндсэн хуулийн цэцээр хамгаалуулж чаддаггүй. Бид яг үнэндээ өөрт ямарч хамааралгүй асуудлаар, ямар нэг хууль Үндсэн хууль зөрчсөн эсэх, аль эсвэл Үндсэн хуульд заасан цөөн тооны төрийн өндөр албан тушаалтан Үндсэн хууль зөрчсөн талаар Цэцэд хандах эрхтэй байдаг. Тийм болохоор Монголын иргэн бүр бус, харин иргэн Ламжав, иргэн Лхагважав нарын нийгмийн идэвх зүтгэлтэй цөөн тооны иргэд л Үндсэн хуулийн цэцэд ханддаг уламжлал тогтсон.
            Иймд Монгол Улсын иргэн хэн боловч өөрийнх үндсэн эрхийг төрийн байгууллага, албан тушаалтан зөрчсөн гэж үзвэл үндсэн эрхийн зөрчлийг сэргээлгэхээр Үндсэн хуулийн цэцэд хандаж болдог зохицуулалт шаардлагатай байна. Тухайлбал ХБНГУ-ын Үндсэн хуулийн 93 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар “Төрийн байгууллага хувь хүний үндсэн эрхийг зөрчсөн гэж үзсэн тохиолдолд үндсэн хуулийн гомдол гаргах эрхтэй” байдаг.[6]
            Энэхүү үндсэн хуулийн гомдлыг Үндсэн хуулийн шүүх нь шийдвэрлэх явцдаа захиргааны шүүхийн болон супер дээд шүүхийн үүргийг гүйцэтгэдэг. Өөрөөр хэлбэл үндсэн хуулийн гомдол гаргаснаар иргэн хүн аль нэг хууль үндсэн хуульд нийцэж байгаа эсэх талаар дүгнэлт гаргуулахаас гадна, аль нэг дээд шүүхийн гаргасан шийдвэр Үндсэн хуультай нийцэж буй эсэх талаар шийдвэрлүүлэх боломжтой болдог байна.[7]
            Дээрх зүйлтэй холбогдуулж хэлэхэд сүүлийн үед Улсын Дээд шүүхийн хэсэг шүүгчид хараат бус байдал гэсэн том халхавчийн дор улс төрийн намуудын дотоод үйл ажиллагаанд хутгалдаж, илтэд Үндсэн хууль зөрчсөн шийдвэр гаргаж байна. Үнэхээр Дээд шүүхийн Үндсэн хууль зөрчсөн шийдвэрийг хаана ч дахин хянаж үзэх боломж байдаггүй тул энэхүү хуулийн цоорхойг зарим нэг улс төрчид, өөрсдийн гар хөл болсон шүүгчдийн хамт улс төрийн зорилгоор ашиглаж байгааг зориуд дурьдмаар байна.
         - Бас нэг асуудал нь Үндсэн хууль болон Үндсэн хуулийн цэцийн тухай хуулиар цэцийн гишүүний насны доод хязгаарыг 40 насаар тавьсан хирнээ дээд хязгаарыг тавиагүй байдаг. Яг энэ асуудлаар Улсын их хурал дээр нэлээд маргаан дагуулж байсныг зарим нэг хүмүүс санаж байгаа байх.
            Тэгвэл бусад орнуудын эрх зүйн зохицуулалтаас харахад тухайлбал: Унгар, Австри улсын Үндсэн хуулийн шүүхийн шүүгчийн насны дээд хязгаарыг 70 нас, ХБНГУ-д 68 насаар тогтоосон байдаг. Энэ жишгээр бид ч гэсэн цэцийн гишүүний насны дээд хязгаарыг төрийн албан хаагчдын хувьд хэрэглэж байгаа 65 нас гэдгээр тогтоочихвол ямар нэг маргаан гарахгүй нь ойлгомжтой.
            Ер нь ямар нэг тодорхойгүй, хоёрдмол утгатай, ойлгомжгүй эрх зүйн зохицуулалтаас аливаа маргаан үүсдэг гэдгийг хууль санаачлагчид болон хууль тогтоогчид алхам тутамдаа санаж явахад илүүдэхгүй.
         - Өөр нэг асуудал бол Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ямар шалгуур хангасан хүмүүсийг томилох вэ гэдгийг манай улсын холбогдох хуулиудаар нарийвчилж зохицуулаагүй байдаг.
            Харин Унгар, Австри, ХБНГУ зэрэг орнуудын Үндсэн хуулийн шүүхийн шүүгчээр хууль зүйн ухааны эрдмийн зэрэг цолтой, их сургуулийн багш, профессоруудыг болон өмнө нь шүүгчээр ажиллаж байсан хүмүүсээс сонгож томилдог байна.
            Дээрх улс орнуудын эрх зүйн зохицуулалтаас харахад Үндсэн хуулийн шүүхийн шүүгчдийн хамгийн гол шалгуур бол өмнө нь ямар нэг улс төрийн албан тушаал эрхлээгүй байхыг шаарддаг байна. Энэ нь Үндсэн хуулийн шүүхийн хараат бус байдлыг хангах явдалтай шууд холбоотой. Тухайлбал Унгар улсын Үндсэн хуулийн шүүхийн шүүгчээр сонгогдохын өмнөх дөрвөн жилд парламентын болон засгийн газрын гишүүн буюу аль нэг улс төрийн нам, төрийн захиргааны байгууллагад удирдах дээд албан тушаал хашиж байсан хүнийг томилдоггүй байна.
            Манай улсын хувьд яг ийм зохицуулалт зайлшгүй шаардлагатай бөгөөд энэхүү улс төрөөс ангид байх шалгуурыг тавьснаар Үндсэн хуулийн цэцийн хараат бус байдал улам баталгаажиж, ямар нэг улс төрийн нам хүчнүүд цэцээр өөрт ашигтай, улс төржсөн шийдвэр гаргуулах явдал хаагдах боломжтой гэж үзэж байна.
         Дүгнэлт
         Дүгнэж хэлэхэд Үндсэн хуулийн цэц, түүний эрх зүйн зохицуулалттай холбоотой зайлшгүй шийдвэрлэх учиртай зарим нэг асуудал энэхүү илтгэлд орхигдсон болно. Тухайлбал, цэцийн гишүүний орон тооны болон орон тооны бус статус, томилгооны хугацаа зэрэгтэй холбоотой асуудлууд юм.
         Гэхдээ юун түрүүнд энэ илтгэлд хөндөгдсөн маргаантай, тодорхойгүй асуудлуудыг илтгэлийн судалгаа шинжилгээ, санал хэсэгт дурдсанчлан Үндсэн хууль болон холбогдох бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэх нь Үндсэн хуулийн хяналтыг жинхэнэ сонгодог утгаар нь хэрэгжүүлдэг Үндсэн хуулийн шүүхийн тогтолцооны хөгжилд чухал ач холбогдолтой явдал болно.
2011.10 .28
 
 
 


[1] Монгол улсын Үндсэн хууль, 64 дүгээр зүйл 1 дэх заалт. 1992 он.
[2] Н.Лүндэндорж “Үндсэн хуулийн шүүхийн дээр УИХ мордов” Өдрийн сонин. 2007 он.
[3] УИХ-ын 1993 оны 27 тоот, 2000 оны 10 тоот тогтоол
[4] Ц.Сарантуяа.Үндсэн хуулийн процессын эрх зүй: суурь ойлголт, тулгамдсан асуудал. УБ хот.2005 он. 51 дэх тал.
[5] Монгол Улсын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 2-т заасан эрхүүд.
[6] ХБНГУ-ын Үндсэн хууль, 1949 он.
[7] 3.Батбаяр, МУ-ын ҮХЦ ба Европын Үндсэн хуулийн шүүхийн онолын харилцан шүтэлцээ, зарим улсын Үндсэн хуулийн шүүхийн харьцуулалт. Гадаадад их дээд сургууль төгсөгчдийн эрдмийн бүтээлийн эмхэтгэл. УБ хот, 2003 он. 116 дах тал.

 

Сэтгэгдэл